СЭЛЭНГЭ: Т.Пүрэвсүрэн: Бид эрэлтэд суурилсан нийлүүлэлтийг бий болгохоор зорьж байна

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2024-03-11 12:25:38

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн тэргүүтэй сумын удирдлагын багаас сумынхаа ногоочдын бүтээгдэхүүнийг худалдан борлуулах чиглэлээр Улаанбаатар хотын томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцаж, харилцан хамтран ажиллах асуудлаар удирдлагуудтай нь уулзалт зохион байгуулсан байна.


Сумын даргын хувьд Улаанбаатар хотын томоохон үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага болох "И-март" сүлжээ их дэлгүүр, Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж хүлэмж, усалгааны систем борлуулагч "Мөнх ногоон тал" ХХК, Хүнсний даршилсан ногоо үйлдвэрлэгч "Газар шим" ХХК-уудын удирдлагуудтай уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцан, хүнсний ногоо нийлүүлж хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, гэрээ байгуулсан байна.


Дээрх үйл ажиллагаанд Сүхбаатар сумын ногоочдыг төлөөлөн 10 иргэн оролцсон байна.


Энэхүү үйл ажиллагааных нь талаар Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Улаанбаатар хотноо ногоочдын төлөөллөө авч очиж ажиллаад ирлээ. Ажлын гол зорилго юу байв. Энэ талаараа тодруулж өгнө үү?

-Бид туршлага судлах, хамтран ажиллах чиглэлээр Улаанбаатар хотын томоохон 3 компани дээр 2 өдөр ажиллалаа. “И-март” сүлжээ их дэлгүүрийн удирдлагуудтай уулзлаа.


Сүхбаатар суманд 400 гаруй өрх хүнсний ногоо тариалдаг. Эд нар маань нийтдээ төмс 500 тонн, нарийн ногоо 450 тонныг жилдээ хураан авдаг. Сумын удирдлагуудын зүгээс энэ жил эрэлтэд суурилсан нийлүүлэлтийг би болгоё гэсэн бодлогыг барьж ажиллаж байна.


Манай Сэлэнгэ аймгийн хувьд цэвэр агаар, эрүүл хөрс байгаа нь маш давуу. Иймээс бид төлөвлөгөөтэйгөөр дотоодын зах зээлийг органик хүнсээр хангах, ногоочдынхоо тарьж ургуулсан хүнсний ногоог худалдан борлуулах чиглэлээр томоохон сүлжээ дэлгүүрүүдийн эзэдтэй, мөн компанийн удирдлагуудтай уулзаж, ногоочдодоо үйл ажиллагаатай нь танилцууллаа.


Бид “Газар шим” хувьцаат компанийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж, бэлтгэн нийлүүлэх тал дээр санал солилцлоо. Мөн “Мөнх ногоон тал” компанийн зүгээс худалдан борлуулдаг техник, тоног төхөөрөмжөө хамтран ажиллах гэрээний дагуу авах санамж бичиг үйлдлээ.


-“И-март” сүлжээ их дэлгүүрийн гүйцэтгэх захирал Л.Жавзмаа: -Бид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ногоочид, нутгийн зөвлөлийн төлөөлөлтэй уулзах уулзалтыг И-март дээрээ зохион байгууллаа. Бидний зорилго бол мэдээж, Сэлэнгийн тариаланчид, ногоочдын үйл ажиллагааг маш сайн дэмжиж, И-мартаар дамжуулж, тэднийхээ бүтээгдэхүүнийг эрүүлээр, цаг хугацаанд нь худалдаалахад оршиж байна. Энэ утгаар хамтарч ажиллахаар уулзлаа. Уулзалтын хүрээнд бид хаврын тариалалт, намрын ургац хураалт дээр болон борлуулалт дээр хамтарч ажиллахаар боллоо.


-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Энхтөр: -Хүнсний гол үйлдвэрлэлийг бий болгодог эрүүл сайхан хөрстэй, Сэлэнгэ нутгийн хүнсний ногоонуудыг “И-март” сүлжээ болон Улаанбаатар хотын бусад сүлжээ дэлгүүрүүдээр худалдан борлуулахад “И-март”-ын олон жилийн туршлага, олон улсын стандарт бидэнд их хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.


-“Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням: -Манай компани байгуулагдаад 21 жил болж байгаа. Энэ хугацаанд газар тариалангийн гол бүс нутаг болсон Сэлэнгэ аймгийн тариаланчид, ногоочидтой нягт уялдаа холбоотой ажиллаж ирлээ. Үндсэндээ манай компанийн гол харилцагчид гэж хэлж болно.


Энэ бүс нутгаас 10 гаруй ногоочид төлөөлөн ирсэнд бид маш их баяртай байна. Манайх байгуулагдсан цагаасаа эхлэн хүнсний ногооны салбарт гол үүрэг гүйцэтгэж байгаа. Бид цаашид ногоочидтойгоо зөвхөн техник, тоног төхөөрөмжөөр хязгаарлахгүй, мэдлэг туршлагаа хуваалцах, нэгж талбайгаас авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлэх тал дээр технологийн солилцоо хийх, зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх асуудлаар анхаарч ажиллана.


Мөн Сүхбаатар сумын нутагт өөрийн салбар байгуулах төлөвлөгөөтэй байна. Сумын Засаг даргатай санамж бичиг байгуулах хэмжээнд бэлтгэл ажлууд явж байгаа. Бид Сэлэнгийн ногоочдын дунд ойртоод, ороод ажиллах болсондоо баяртай байна.


-Сүхбаатар сумын ногоочин Д.Уранжаргал: -Бидний 10 ногоочин сумын Засаг даргатай хамт хотод ирээд сайхан үйлдвэрүүдээр ороод ёстой л жинхэнэ хүний эрүүл мэндийг хамгаалсан эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй газар дээр нь танилцлаа. Сэтгэл маш их өндөр байна. Ийм сайхан газруудаар оруулж, бидний нүдийг нээж өгсөнд Сумынхаа Засаг даргадаа дахин дахин баярлалаа.


-Сүхбаатар сумын ногоочин Р.Батнасан: -Манай монгол залуучууд гадаадын импортыг орлуулсан маш том бүтээн байгуулалтыг хийсэн байна. Энэ сайхан үйлдвэрүүдтэй танилцаад маш их зүйлийг мэдэж авлаа.


-Сүхбаатар сумын ногоочин Д.Энхмаа: -Сүхбаатар сумын хэсэг ногоочид бид туршлага судлахаар Улаанбаатар хотноо ирж томоохон компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.


Бидний тарьж, ургуулсан ногоог худалдан борлуулах сувгийг нээж өгөхөөр энэхүү туршлага судлах ажлыг зохион байгуулсан сумын Засаг даргадаа маш их баярлалаа. Бид “И-март”-д ногоогоо нийлүүлэх боллоо. Газар шим компанийн үрийг авч, ногоогоо тарьж, борлуулалтаа энд хийхээр боллоо.


Бидний аялал маш их үр дүнтэй болсон. Энэ сайхан компаниудын үйл ажиллагаатай танилцаад, монгол хүний гараар, монгол хөрсөнд тариалсан эко хүнсийг бид хэрэглэж байгааг нүдээрээ хараад итгэл үнэмшилтэй боллоо. Маш их баяртай байна.

 

        

Холбоотой мэдээ