ГОВЬ-АЛТАЙ: “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай 2027 он хүртэл хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-05-08 09:26:53

Говь-Алтай, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ, “Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай 2024-2027 онд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг хүмүүнлэгийн, хөгжлийн, олон улсын байгууллага болох "Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын Говь-Алтай Орон нутгийн хөтөлбөр нь Говь-Алтай аймагт хэрэгжээд 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөө жил хамтран ажиллах хугацаа дуусгавар болж байсан. Иймд орон нутаг хийгээд "Дэлхийн Зөн Монгол" хөтөлбөрийн газраас хөтөлбөрийн үйл ажиллагааг сунгаж 2027 оны есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэхээр болж буйтай холбогдуулан 2024–2027 оны харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэх үйл ажиллагаа тавдугаар сарын 3-нд Алтай хотноо боллоо.


Энэ үйл ажиллагаанд тус аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үндэсний захирал Б.Болорцэцэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Б.Цолмон нар холбогдох албан тушаалтнуудын хамтаар оролцлоо.



Дэлхийн зөн Монгол ОУБ тус аймагт үйл ажиллагаа явуулж ирсэн 15 жилийн хугацаанд аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарт болон гамшгийн эрсдэлийг бууруулах, өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр олон хөтөлбөр, төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.


2024-2027 оны харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол Улсын Үндсэн хууль, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Нийгмийн халамжийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016-2025), Алсын хараа-2050, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих үндэсний хөтөлбөр, HҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг сайжруулж, хүүхдэд ээлтэй аймгийг бий болгох эрхэм зорилгын хүрээнд хамтран ажиллахаар байгууллаа. 

Холбоотой мэдээ