“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-08 10:26:41

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 8 /РИА Новости/. Германы Дортмунд хотын хөл бөмбөгийн “Боруссиа” баг Францын “Пари Сен Жермен”-ийг талбай дээр нь хожсоноор Аваргуудын лигийн финалын тоглолтод шалгарлаа.


Парис хотод болсон тоглолтод зочин багийн хөлбөмбөгчид талбайн эздийг 1:0 харьцаагаар ялснаар хоёр тоглолтын нийлбэр дүнгээр шувтаргын тоглолтод оролцох эрхтэй болсон байна. “Боруссиа”-гийн хамгаалагч Матс Хуммельс тоглолтын 50 дахь минутанд цорын ганц гоолыг оруулжээ.


Өмнө нь 5 дугаар сарын 1-нд Дортмунд хотод болсон эхний тоглолтод талбайн эзэд мөн 1:0 харьцаагаар ялалт байгуулсан юм.


Ташрамд дурдахад, Парисын клубын хөлбөмбөгчид энэ удаагийн тоглолтод "бүтэлгүйтлийн" шинэ дээд амжилтыг тогтоож, хаалганы шонг 4 удаа онож, 31 удаагийн цохилт нь оновчгүй болж азгүйтжээ.


Өнөөдөр болох хоёр дахь хагас шигшээ тоглолтод Мюнхений “Бавариа” баг “Реал”-тай Мадрид хотноо тоглох бөгөөд эхний тоглолт 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн юм.


Харин Аваргуудын лигийн финалын тоглолт 6 дугаар сарын 1-ний өдөр Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнө нь “Боруссиа” багийн хөлбөмбөгчид 1997 онд Италийн “Ювентус”-ыг ялснаар Аваргуудын лигийн цомыг өргөж байсан бол 2013 оны финалд “Бавариа”-д ялагдаж байжээ. 

Холбоотой мэдээ