Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яам хоорондын VI зөвлөлдөх уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-07 15:20:58

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол, Узбекистаны Гадаад харилцааны яам хоорондын VI зөвлөлдөх уулзалт энэ сарын 7-нд Улаанбаатар хотноо боллоо. 


Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Узбекистаны найрсаг харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж, дэд бүтэц, тээвэр логистик, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, эрүүл мэнд, мэдээлэл технологи зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, 2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дээд түвшний айлчлал болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Түүнчлэн дэд сайд Б.М.Усманов тэргүүтэй албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллах үеэрээ Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Соёлын яам, МҮХАҮТ, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төвийн удирдах албан тушаалтнуудтай тус тус уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.


Уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн дэд сайд Б.М.Усманов нар ахлав.



Холбоотой мэдээ