ЗАВХАН: Багш нарын ур чадварыг сайжруулах сургалт үр дүнгээ өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-12 15:11:01

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн БШУГ Австралийн сайн дурын байгууллагатай хамтран англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах сургалтыг Улиастайд хийж байна.


Энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулах зорилготой сургалтыг эхлүүлсэн. Сургалт энэ сарын 4-өөс эхэлж 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.


Ерөнхий боловсролын 30 багш сургалтад оролцож, сургалтыг Австрали улсаас ирсэн англи хэлний багш Вормвальд Женнифер Жоё чиглүүлэн ажиллаж байна. Австралийн сайн дурын байгууллагатай гурав дахь жилдээ хамтран ажиллаж англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулснаар үр дүн гарч байна.


Багш нарын ур чадвар сайжирснаар хүүхдүүдийн англи хэлний түвшин, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нэмэгдэх. Орон нутагт ажиллаж байгаа англи хэлний багш нарын харилцан адилгүй ур чадвар жигд болсон.


Олон улсын хөтөлбөрийн чанар, заах аргаас суралцаж байна. Сурагчдын хэлний мэдлэг, ур чадвар сайжирч багштайгаа хамт суралцаж, хөгжиж байна. Үе шаттай явуулж байгаа энэ сургалт бүрийн өмнө багш, сурагчдаас англи хэлний түвшин тогтоох шалгалтыг авдаг.



Харин сургалтын дараа үр дүнгийн үнэлгээ хийхэд 20-35 орчим хувийн өсөлттэй гарч байгаа нь чамлахааргүй амжилт юм. Тиймээс энэ мэтчилэн урт хугацааны сургалтыг үргэлжлүүлэн явуулна.


Англи хэлний багш нарт зориулсан танхимын сургалтыг цахимтай хослуулснаар сургалтын арга зүйг сайжруулах, хүртээмжтэй, үр өгөөжтөй болж байна гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.


Ташрамд, өнгөрсөн жил Завхан аймгийн багш нарын англи хэлний чадварыг сайжруулах ажлын хүрээнд ерөнхий боловсролын 36 сургууль болон Завхан Их сургуулийн 60 орчим багш Австралийн сайн дурын байгууллагын сургалтад хамрагджээ.

Холбоотой мэдээ