БАЯНХОНГОР: Нийт нутгаар дулаан байх ч, ихэнх өдрүүдэд шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-09 11:32:40

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Энэ сарын дунд хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УЦУОША-наас ирүүллээ. Нийт нутгаар дулаан байх ч, ихэнх өдрүүдэд шуургатай байхыг анхааруулав.


Тавдугаар сарын 13, 14, 15-нд Алтайн салбар уулс, говь, хээр талын нутгаар 10-12 м/с, зарим үед 18 м/с хүрч шороон шуургатай байна. Мөн 15-нд хангайн уулархаг нутгийн зарим газраар хур тунадастай.


Агаарын температурын тухайд нийт нутгаар 5-36 градус дулаан байна. Тодруулбал, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 14-19 хэм, хээр талын нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Харин говийн нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 градус дулаан байх аж.


Сонирхуулахад, +36 хүрч халах Эхийнголын баянбүрд орчмын бүс нутаг нь Баянхонгор аймгийн хамгийн халуун газар. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийнгол нь Сэгс цагаан богд уулын ар хормойд Улаанбаатараас 1100 гаруй км, аймгаас 430 км, сумаас 180 км газарт Алтайн цаадах говьд нүдэн булгийн усаар тэтгэгдсэн баянбүрд юм.


Жилийн дундаж агаарын хэм +5, хур тунадас 30 орчим мм ордог, цас, бороо багатай байнгын нарлаг байдаг онцлогтой. Эхийн голд зундаа хөрсөн дээр +50 хэм, түүнээс ч давж халах нь бий.
Холбоотой мэдээ