Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдийг сонгуульд идэвхтэй оролцохыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-08 15:56:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссоос сонгогчдыг УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа.


Хилийн чанадад оршин суугаа сонгуулийн эрх бүхий манай улсын иргэд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохын тулд энэ сарын 6-наас ирэх сарын 15-ны өдрүүдэд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хот дахь Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ гаргаж сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлэх юм. Үүнд, https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч, бүртгэлийн маягт татан авч бөглөн, гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбарыг хүргүүлэх боломжтой. Мөн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж болно. 


Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч ирэх зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 7-22 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр санал авах байранд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очих аж.




Холбоотой мэдээ