ОУСК-аас эмэгтэйчүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор М банканд 30 сая ам.долларын санхүүжилт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-05-09 09:46:33

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан дижитал зээлийг өргөжүүлэх зорилгоор Олон Улсын Санхүүгийн Корпорац /ОУСК/ болон Монголын анхны салбаргүй, дижитал банк болох М банк нар хамтран инновацлаг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурлаа. Энэ нь ОУСК-аас Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй санхүүжилтийг дэмжих санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг юм.

 

ОУСК-аас М банканд 30 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг олгох бөгөөд үүний 25 хувийг нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулах аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОУСК нь ЖДҮ болон нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх чиглэлээр М банктай хамтран ажиллаж байна. Түүнчлэн ОУСК-аас байгаль орчин, нийгмийн удирдлагын тогтолцоог цаашид хөгжүүлэн, хэрэгжүүлэхэд чиглэсэн техникийн туслалцааг М банканд үзүүлэхээр болжээ.

 

Монгол Улсын нийт ажиллах хүчний 70 орчим хувь, ДНБ-ий 17.8 хувийг эзэлдэг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын гуравны хоёрыг эмэгтэй бизнес эрхлэгчид эзэлдэг. Гэхдээ манай улсад ЖДҮ-д чиглэсэн санхүүжилтийн хүртээмж бага байгаа бөгөөд зөвхөн тал орчим хувь нь банкнаас санхүүгийн дэмжлэг авдаг аж. Дэлхийн банкны 2019 оны аж ахуйн нэгжийн судалгаанаас харахад Монгол Улсад судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 31% нь зээлийн бүрэн хязгаарлалттай тулгарсан нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн бусад улсын дундаж түвшнээс давсан үзүүлэлттэй байна.

 

М банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн “Монгол дахь дижитал шилжилтийг манлайлан явж байгаа М банк нь ОУСК -тай хамтарснаар дижитал зээлийн чадавхаа улам сайжруулж, орон даяарх нийт харилцагчдадаа тохирсон санхүүгийн шийдлүүдийг хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Түүнчлэн, бид нийлүүлэлтийн сүлжээнд оролцож буй дотоодын бизнес эрхлэгчид болон мерчантуудад зориулсан шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж байгаадаа баяртай байна” гэдгийг онцолсон юм.

 

М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай М банк нь 2022 оны хоёрдугаар сард арилжааны банкны тусгай зөвшөөрлөө авснаас хойш хурдацтайгаар өргөжиж байгаа бөгөөд 2023 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар нийт активын хэмжээ 200 сая ам.доллар давж, нийт зээлдэгчийн тоо 40 мянга орчимд хүрээд байна.

 

ОУСК-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Монгол Улс шиг хүн ам нь хол тархан суурьшсан орны хувьд зайлшгүй шаардлагатай үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд дижитал шийдлүүд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой. Бид зах зээлийн өрсөлдөх чадвар, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжихийн тулд тус улсын дижитал банкийг дэмжин, өөрсдийн хөрөнгө, туршлагыг хуваалцаж буйдаа баяртай байна” гэжээ.

 

ОУСК сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсын дотоодын банк, санхүүгийн байгууллагуудад 345 сая ам.долларын санхүүжилт болон техникийн туслалцааг өгсөн байна.

 

Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшилд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. Дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өөрсдийн хөрөнгө, туршлага, нөлөөллийг ашиглан хөгжиж буй орнуудад шинэ зах зээл, боломжуудыг бий болгохын төлөө ажилладаг. 2023 оны санхүүгийн жилд ОУСК-аас хөгжиж буй орнуудын хувийн хэвшил, санхүүгийн байгууллагуудад 43.7 тэрбум ам.долларын туслалцааг үзүүлж,  дэлхийн хэмжээний томоохон гамшгийн үр нөлөөлөлтэй тэмцэж байгаа энэ үед ядууралтай тэмцэх, өсөлт хөгжлийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийг үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org-оос аваарай.


М банк нь санхүүгийн болон санхүүгийн бус бүтээгдэхүүн үйлчилгээг илүү хялбар, шинэлэг, тав тухтай, хүртээмжтэй байдлаар хүргэж харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжихийг зорьдог. 2023 онд М банк нь 230,000 иргэн, 857 бизнесийн харилцагчтай болсон. Ирээдүйд М банк хүн бүрийн амьдралын хэв маяг, санхүүгийн хэрэгцээнд нийцсэн, хамгийн шинэлэг, харилцагч төвтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхээр зорьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг m-bank.mn-ээс аваарай.

Холбоотой мэдээ