ХОВД: "Алтан өв-5" бий биелгээ, бүжгийн наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-08 17:59:12

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Алтан өв-5" бий биелгээ, монгол бүжгийн баруун бүсийн анхдугаар наадмыг Ховд аймагт зохион байгуулж байна.

Наадмын үйл ажиллагаа өнөөдөр цэцэрлэгийн насны хамтлаг бий биелгээний төрлөөр эхэллээ.

Энэ наадам нь монгол бүжиг, бий биелгээг хүүхэд, залууст уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, угсаатны бий биелгээний ялгаатай болон ижил төстэй шинж, намба төрхийг судлан тогтоох, өвлөн уламжлагчдыг дэмжихэд чухал ач холбогдолтой.

“Алтан өв” наадмыг өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа зохион байгуулахад зөвхөн Ховд аймгаас 2000 гаруй өвлөн уламжлагч оролцож байжээ. Тэгвэл энэ жилийн хувьд наадмын цар хүрээ өргөжиж, баруун бүсийн таван аймаг болон Улаанбаатар хотоос давхардсан тоогоор 1400 гаруй ардын авьяастан оролцож байна.

Наадамд оролцогчид захчин, торгууд, дөрвөд, баяд зэрэг олон угсаатны бий биелгээг сурталчилж, ур чадвараа сорьж байгаагаараа онцлогтой.  
   

Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Дугараагийн нэрэмжит “Алтан өв” наадмын зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, СУГ, Хөгжимт драмын театрын бүжиг анги зэрэг байгууллагын төлөөллүүд хамтран ажиллаж байна.  

Тус наадам тавдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Оролцогчид цэцэрлэг, сургуулийн бага, дунд, ахлах нас, насанд хүрэгчид гэсэн ангиллын дагуу хамтлаг болон гоцлол төрлөөр өрсөлдөж, мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр шилдгүүдээ тодруулах юм. 



Холбоотой мэдээ