ДАРХАН-УУЛ: Өрсөлдөх чадварын үнэлгээгээр гуравдугаарт эрэмбэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-09 18:26:56

Дархан, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 оноос хойш тасралтгүй 11 дэх жилдээ эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргаж танилцуулж ирсэн. 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог ажээ.



 

Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, аймгуудын бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг бөгөөд уг дөрвөн бүлгийн шалгуур үзүүлэлтээр Дархан-Уул аймаг гуравдугаарт эрэмбэлэгджээ.


Манай аймгийн тухайд дэд бүтэц, бага дунд суурь боловсролын хүртээмж, цэцэрлэгийн хамрагдалт, хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол, авто замын чанар, ногоон байгууламж, бизнесийн үр ашиг өгөөж, дундаж цалин, амьдралын чанар өссөн үзүүлэлттэй байна.



Харин ажилгүйдлийн түвшин, хорт хавдрын өвчлөлт, дундаж наслалт, гэмт хэрэг гаралт, биеийн тамирын спортоор хичээллэгчид, болон номын сангийн уншигчийн тоогоор доогуур эрэмбэлэгджээ.

 

Өнөөдөр болсон удирдах ажилтны зөвлөгөөнөөр зөвлөлийн гишүүд уг судалгаатай танилцаж, судалгаанд үндэслэн сул байгаа үзүүлэлтэд анхаарч ажиллах, тус салбаруудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж дүгнэлээ.


 

2022 онд 85.93 оноогоор гуравдугаарт, 2023 онд 95.12 оноогоор гуравдугаарт эрэмбэлэгджээ. Ерөнхий оноо нь есөөр нэмэгдсэн ч эзлэх байрын тухайд өөрчлөгдөөгүй аж.

Холбоотой мэдээ