Хүмүүнлэгийн үйлсийг олон нийт, хүүхэд залууст сурталчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-05-09 14:47:27

Улаанбаатар, 2024 онэы тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдөр тохиодог Олон улсын улаан загалмайн хөдөлгөөний өдөр, Монголын хүмүүнлэгийн өдөрт зориулсан өдөрлөгийг Монголын улаан загалмай нийгэмлэгээс 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд өчигдөр тэмдэглэлээ.


Хүмүүнлэгийн өдрийн хүрээнд Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс Д.Сүхбаатарын талбайд олон нийт, хүүхэд залуусын дунд хүмүүнлэгийн үйлсийг сурталчлах ажлыг зохион байгуулав.

Өдөрлөгийг нээж МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлсэн үгэндээ, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үе үеийн ажилтан, албан хаагчид, сайн дурынхан, хүүхэд, залуус, гишүүд, дэмжигчид, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажилладаг бүх байгууллага, хамт олонд Монголын хүмүүнлэгийн өдрийн мэндийг дэвшүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлан таниулж, бусдын төлөө сайн дурын ажилд манлайлан оролцдог, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулдаг хүмүүнлэг зүрхтэй хүн бүрт талархлаа илэрхийлж буйгаа онцолсон юм. 


Өдөрлөгийн үеэр олны танил урлаг, соёлын алдартнууд ая дуугаа өргөн мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд, залуустай хамт хүмүүнлэгийн үйлст нэгдлээ. 

“Сайн дурын идэвхтнийг элсүүлэх”, “Хүмүүнлэгийн дэлгүүр”, “Иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө”, “Цусны донор”, “Дотрын эмчийн үзлэг”, “Анхны тусламж”, “Гамшгийн бэлэн байдал, ач холбогдлыг харуулсан “Virtual reality тоглоом” зэрэг өртөөчилсөн асруудад иргэд олноор зочлов. 


Түүнчлэн Залуу улаан загалмайчдын флашмоб, бүжгийн спортын дэлхийн аваргын тэмцээний шагналт “Moon dance” хамтлаг болон ахмадуудын бүжгийн үзүүлбэрийг талбайд цугласан хүүхэд, залуус, иргэд үзэж сонирхлоо. Флашмоб бүжгийн үзүүлбэрт нийслэлийн 7 дүүргээс нийт 600 хүүхэд оролцов.  


Мөн энэ үеэр хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог сайн дурын идэвхтэн, өсвөрийн улаан загалмайн гишүүдэд “Тусч хүүхэд, алтан медаль, “Шилдэг залуу” алтан медаль, “Тэргүүний сайн дурын идэвхтэн, “Хүмүүнлэг залуу” алтан медаль, “Энэрэл” алтан медаль, “Нүгүүсэл” алтан медаль зэрэг шагналыг гардуулсан юм.








Холбоотой мэдээ