ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн төвөөс малаа гаргахыг мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-30 10:07:24

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын ЗДТГ-аас хүн амын эрүүл мэндийг хамгаалж, хот суурин газрын ариун цэвэр, тохижилтыг сайжруулах, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан аймгийн төвд хашаандаа мал тэжээж буй өрхүүдэд тавдугаар сарын 5-ны өдрийн дотор малаа гаргах, малаа төвөөр явуулахгүй байхыг мэдэгдлээ.


Мал бүхий иргэдийн хариулгагүй үхэр, адуу нийтийн эзэмшлийн газар болон иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ногоон байгууламж бүхий газарт орох, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эвдэх, хог хаягдал тараах, орчин бохирдуулах зэргээр олон сөрөг нөлөө үзүүлж байна.  


Иймд иргэдийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан мал амьтны гоц халдвар, халдварт өвчнөөр хүн болон мал амьтан өвчилсөн, ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн хөрөнгөд хохирол учруулсан, орчныг бохирдуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцон, гарсан хохирлыг төлж барагдуулахыг Есөнбулаг сумын ЗДТГ-аас онцгойлон анхааруулав.

Холбоотой мэдээ