ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 92 хувьд зудын эрсдэл их гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-26 11:58:18

Есөнбулаг 2023 оны арван хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 20-ны байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутгийн 92 хувьд зудын эрсдэл их байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. 


Тодруулбал, Говь-Алтай аймгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 92.0 хувьд их /58.3 хувь нэн их, 33.7 хувь их/, 8.0 хувьд нь дунд зэрэг гарсан тухай цаг уурын байгууллагаас мэдээллээ. Зудын эрсдэлийн зургаас харахад Хөхморьт, Жаргалан, Тайшир, Дэлгэр, Есөнбулаг, Халиун, Цээл, Бигэр, Чандмань сумын нийт нутаг, Тонхил, Бугат, Эрдэнэ, Цогт, Төгрөг сумын ихэнх нутаг, Баян-Уул, Шарга, Дарви сумын зарим нутгуудад нэн их эрсдэлтэй, бусад суманд их эрсдэлтэй гарчээ.


12 дугаар сарын 21-ний байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байгаа аж. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтай аймгийн Баян-Уул, Тайшир cум цасны дундаж зузаан 4-7 см, нягт 0.26-0.30 г/см3 цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Говь-Алтайн Хөхморьт, Жаргаланд цасны дундаж зузаан 7 см, нягт 0.16-0.19 г/см3 цагаанаар зудархуу байдалтай байгаа тухай нэмж мэдээлэв.
Холбоотой мэдээ