ГОВЬ-АЛТАЙ: "Сэрвэн" нарны цахилгаан станц 16 мянган өрхийн цахилгаан хангамжийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-29 11:47:37

Есөнбулаг, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд шинээр барьсан 10МВт-ын суурилагдсан хүчин чадалтай “Сэрвэн” нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулж Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-д цахилгаан эрчим хүч нийлүүлж эхэллээ.


Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж буй бөгөөд энэхүү зорилтын хүрээнд “Сэрвэн” 10МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэсэн юм.


Ийнхүү “Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамжийг сайжруулж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэх аж.


Холбоотой мэдээ