ГОВЬ-АЛТАЙ: Экологийн боловсролыг олон нийтэд хүргэхэд хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-20 11:12:34

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар /WWF/-тай 2023 онд хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцлээ.


Байгаль хамгаалах, нөхөн сэргээх, экологийн боловсролыг олон нийтэд сурталчлах чиглэлээр 2023 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар /WWF/-тай хамтран хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн, 2024 онд хамтран ажиллах ажил арга хэмжээг харилцан ярилцаж цаашид анхаарах асуудлуудаа тодорхойлжээ.


Тухайлбал, 2024 онд тус аймгийн бөхөн бүхий 7 сумд 19 булаг шандын эхийг хашиж хамгаалахаар төлөвлөж, жил бүр уламжлал болгон гуравдахь жилдээ зохион байгуулах гэж байгаа “Булгийн өдөр”-ийг тэмдэглэн аймгийн Засаг даргын захирамжаар баталсан булаг хашиж хамгаалах арга аргачлал, зааврыг газар дээр нь үзүүлэх сургалтыг талуудыг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөв. Мөн Халиун сумын Халиун голд Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож тэмдэгжүүлэх ажил болон экологийн боловсролыг олон нийтэд хүргэх сургалт сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон тухай холбогдох албанаас онцлон танилцууллаа.


Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь сүүлийн 10 гаруй жил байгаль хамгааллын чиглэлээр үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд аймаг орон нутгийн байгаль хамгаалах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаныг уулзалтын үеэр тэмдэглэн хэлэв.

Холбоотой мэдээ