ЗАВХАН: Театрын уран бүтээлчид 16300 гаруй хүнд урлаг соёлын үйлчилгээг хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-27 17:33:43

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын соёлын салбарт 230 гаруй хүн ажиллаж байна. Эдгээрээс 130 орчим нь театр, соёлын төвийн уран сайханчид юм.


Өнөөдрийн байдлаар театр, соёлын төвийн уран сайханчид 16400 гаруй иргэнд соёл урлагийн үйлчилгээг үзүүлжээ.


Гуравдугаар сарын 27 бол дэлхийн театрын өдөр. 1962 онд гуравдугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” хэмээн тунхагласнаас хойш энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрд театрын уран бүтээлчид, театрын үнэнч үзэгчид ёслон тэмдэглэж ирсэн байна.

 

Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр нь үндэсний бахархал, монгол өв соёлыг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг нэн тэргүүнд тавьдаг хамт олон. Тиймээс ч жил бүр үндэсний бахархлыг шингээсэн түүхэн жүжгүүдийг бүтээж тайзнаа тавьдаг уламжлалтай.


Тухайлбал 2022 онд Жангар туулийг хүүхдийн жүжиг болгон тайзнаа тавьж, хүүхдүүдэд өвөг дээдэс, соёл уламжлалаараа бахархах, соёлын биет болон биет бус өвийн утга бэлгэдэл, хэрэглээнд суралцаж, өвлөн авч хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийжээ.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Баатарлаг туульсуудыг дэмжин дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын “Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2021, Завхан аймгийн Засаг даргын санаачилсан Үндэсний бахархал-Монгол өв соёл үйл ажиллагаа хөтөлбөрүүдийн хүрээнд тус жүжгийг бүтээсэн байна.


2023 онд “Асарын өндөр” түүхэн, аялгуут жүжгийг бүтээж тайзнаа тавьсан бөгөөд Улаанбаатар хот, Улиастай хотын үзэгчдэд энэхүү жүжгийг үзүүлжээ.


Орхон аймгийн үзэгчдэд зориулан “Асарын өндөр” жүжгийг гуравдугаар сарын 24-ний өдөр тайзнаа тавьжээ.

Өнөөдрийн байдлаар "Асарын өндөр" аялгуут түүхэн жүжгийг давхардсан тоогоор 15000 гаруй хүн үзжээ.




2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илэрсэн. Хангайн нурууны баруун биеэс анх удаа олдоод буй уг дурсгалт газар Хүннүгийн Шаньюн алтан ураг, Баруун гарыг захирах томоохон язгууртны булш байх боломжтой байгаа нь үндэсний бахархлыг төрүүлсэн үйл ажиллагаа болжээ.

Тиймээс дээрх түүхэн үйл явдлыг улс, орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, эх орныхоо түүхийг дээдлэх. Хойч үедээ энэхүү түүхийг сурталчлан таниулах, бахархах, соён гэгээрүүлэх, зорилгын хүрээнд Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол “Асарын өндөр“ түүхэн жүжгийг тайзнаа туурвисан гэж Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ