Шейх Машааль Кувейтийн парламентыг тараажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-11 15:20:51

ДУБАЙ, 2024 оны тавдугаар сарын 11 /ТАСС/. Кувейт улсын эмир шейх Машааль аль-Ахмед аль-Жабер ас-Сабах тус улсын нэг танхимт парламент болох Үндэсний хурлыг тараахаар шийдвэрлэснээ баасан гарагт зарлан мэдэгджээ.


“Кувейтийн улс төрийн тавцанд үүссэн зөрчилдөөн нь биднийг цаашид дуугүй суух аргагүй байдалд хүргэлээ. Улс орныхоо эрхэм дээд ашиг сонирхлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг бид авах ёстой. Ийм учраас Үндэсний хурлыг тарааж, Үндсэн хуулийн зарим заалтын үйлчлэлийг 4 жилээс хэтрэхгүй хугацаанд зогсоож байна” хэмээн шейх Машаал улс үндэстэндээ хандаж хэлснийг төрийн мэдлийн телевизээр дамжууллаа.


KUNA агентлагийн мэдээлснийг үзвэл, парламентын эрх мэдэл түр хугацаанд эмир болон сайд нарын танхимд шилжинэ.


Эмирийн хэлснээр бол, парламентыг тараах шийдвэр нь депутатууд ба засгийн газрын гишүүдийн хооронд үүссэн зөрчилдөөнөөс үүдэлтэй ажээ. “Сүүлийн үед Кувейт улс хүнд хэцүү цаг үеийг туулж байгаа учраас улс орноо аврах, түүний эрхэм дээд эрх ашгийг хангахад чиглэсэн шийдвэрийг гаргахын тулд эргэлзэн тээнэгэлзэх, сунжруулан удаашруулах эрх бидэнд үгүй” гэж эмир Машааль онцлон тэмдэглэлээ.


Кувейтийн парламентын ээлжит бус сонгууль 4 дүгээр сарын эхээр болсон бөгөөд энэ нь өөрийн ах болох шейх Наваф аль-Ахмед аль-Жабер ас-Сабахыг нас барсны дараа  2023 оны 12 дугаар сард албан тушаалдаа орсон одоогийн эмирийн үед болсон анхны сонгууль байв. Шейх Машааль өмнөх парламентыг 2 дугаар сарын 15-нд тараасан бөгөөд энэ шийдвэрээ “парламентын гишүүд Үндсэн хуулийн зарчмуудыг зөрчсөн, бусдыг доромжлон гутаасан зохисгүй үг хэллэг хэрэглэсэн”-тэй холбон тайлбарлаж байлаа.  


Персийн булангийн бусад улстай харьцуулахад Кувейтийн парламент нь улс орондоо илүү нөлөөтэй бөгөөд улс төрийн тогтолцооны тогтвортой байдал нь хууль тогтоох ба гүйцэтгэх засаглалууд хэрхэн хамтран ажиллаж байгаагаас ихээхэн шалтгаалдаг. Тус улсад улс төрийн намуудыгг хориглосон боловч сөрөг хүчний байр суурийг илэрхийлдэг олон нийтийн нэгдлүүд үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд тэдгээр нь олон нийтийн байгууллагууд, шашны бүлгүүд ба омгуудын эрх ашгийг төлөөлдөг байна. 

Холбоотой мэдээ