СҮХБААТАР: Аймгийн анхны сувилагч Ж.Дамба

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-10 17:16:13

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ бол Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Жанрайн Дамба. Сүхбаатар аймгийн анхны сувилагч. 1942 онд Сүхбаатар аймгийг анх “Жавхлант шарга” нэртэйгээр байгуулахад Сүхбаатарынхны эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үүргийг хүлээж, Улаанбаатар хотоос ирж байсан нэгэн. 21 настай ч тухайн үедээ шинэ аймгийн шилдэг сэхээтнүүдийн нэг байжээ.

 

Санитарийн сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд шууд л томилолт аваад ирсэн Ж.Дамба эмч, асрагч, галч, эм найруулагч гээд бүгдийг өөрөө хийдэг байв. Мэдээж залуу бүсгүйд энэ ахадсан ачаа. Ингэж нэг жилийг өнгөрөөж байтал БНМАУ-ын дарга Ю.Цэдэнбал Жавхлант шарга аймгийн ажил үйлстэй танилцахаар ирж, эмнэлгийн нөхцөл байдлыг нүдээрээ үзээд, түүний ачааллыг хөнгөлөх үүргийг аймгийн удирдлагуудад өгөв. Улмаар хожим галч, асрагч, үйлчлэгчийн орон тоог нэмэгдүүлжээ. Ингэж л тэр Сүхбаатарын анхны сувилагч болж эрүүл мэндийн салбар төдийгүй аймгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгэн.

 

Түүнийг анхдагч хэмээн тодотгох олон зүйл бий. Сүхбаатарын шинэ үсгийн анхны багш Ж.Дамба ч гэж нэрлэх нь ч бий. Тэр үедээ л бичиг үсэг тайлагдсан боловсролтой нэгэн байсан учир удирдлагуудаас эхлээд төрийн албан хаагчдад шинэ кирилл үсгийг тэр зааж байлаа. Ингэж явахдаа ирээдүйн хань Сономын Моломтой танилцжээ. С.Молом хуучнаар Хонгор сумын иргэн бөгөөд худалдааны агентад худалдагч, нярваар ажилладаг байж. Өөрөөс насаар дүү эхнэрээрээ шинэ үсэг заалгаж явсан гэсэн үг. Аймагт хоёрхон ирсэн таван ханатай гэрийн нэгийг тэд худалдан авч, 1945 онд айл болсон гэдэг. Ингээд л Хөвсгөл нутгийн хөдөлмөрч бүсгүй Сүхбаатар нутагт суурьшсан түүхтэй. Найман хүүхдийн эцэг эх болж, үүрэгт ажлаа үнэнч хийсэн нь тэдний амьдралын замыг дардан байлгав. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр, эгэл даруухан амьдарсан тэдний бүтээсэн түүхийг эргээд сөхөхөд асар их.

 

Мэдээж шинээр байгуулсан аймаг хүн ам цөөтэй байсан учир ямар нэг үйл ажиллагаа болоход урдаа барьдаг хэдхэн хүнтэй. Тэдний нэг нь Ж.Дамба. Дуулна, жүжиглэнэ, бичнэ. Бүр тоглосон жүжгийн бригадаараа сумдаар тойрч тоглолт хийж явсан гэнэ лээ. Үнэхээрийн бүх талын авьяас, ур чадвартай нэгэн байж.

 

Ж.Дамба гуай ийн ажилдаа ч, ар гэртээ ч халамжтай, үнэхээр ажилсаг нэгэн байлаа. Түүнээс ёстой л нөгөө жинхэнэ монгол эмэгтэйн тэсвэр хатуужил гэдгийг олж харах боломжтой байсан гэдэг. Өөрөө ч юм үзэж нүд тайлсан нэгэн болохоор хүмүүст амьдралынхаа сонин содон түүхийг их ярьдаг байж. Нэг удаа ингэж ярьж гэнэ. “Төрөх дөхсөн байлаа. Өглөө босоод үнээгээ сааж байтал нэг л өвдөх шинжтэй болохоор нь гэртээ ороод хоёр гурван мах унаган төмөр саванд хийгээд зуухан дээрээ тавиад ойр зуурын юм хийж эхэлтэл юу юугүй хүүхэд гарах нь тэр. Хүйг нь боож өлгийдөж тавьчихаад, шөл маань ч буцалж байна түүнээс хийж авч уучихаад жаахан амсхийж аваад толгойдоо алчуур битүү зангидаад эргээд үнээндээ гартал зэлэн дээр суугаа хүүхнүүд, Чи минь хаачив аа, алга болчих юм гэж билээ” гээд инээмсэглэн ярьж суусан гэдэг. Үгүй мөн их зориг, тэвчээр шүү. Яалт ч үгүй л өөрийнхөө бас өрөөлийн элч эмч юм.

Тухайн үед төрсөн хүү нь М.Ганболд. Өөрийнхөө ижийгээр эх бариулна гэдэг ховор басхүү том хувь заяа. Магадгүй тийм ч учраас аав, ээж нь түүнийг бусдаас нь түрүүлж авч одоо биз. Одоо тэд хамтдаа тэнгэрт дэвшжээ.

 

М.Гансүх, М.Алтантуяа, М.Ганбаатар, М.Алтанчимэг, М.Омбоожий, М.Ариунаа, М.Алтанцэцэг гээд тэднийхээ үргэлжлэл болсон үр хүүхдүүд нь өдгөө бүгд эсэн мэнд аж төрж буй. С.Моломынхон өдгөө 120-уулаа өнөр бүл болжээ. Үр хүүхэд, ач зээ нар нь бүгд л нэр төртэй сайхан амьдарч яваа. Тэдний хүүхдүүдээс М.Ариунаа нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч, насаараа Мөнххаан суманд ажиллан өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Харин удаах охин М.Алтанчимэг нь ээжийнхээ төрсөн нутгийг сахидаг гэнэ.

 

Ж.Дамба гуайн талаар сонирхож явахад бас нэгэн сонин зүйлийг сонслоо. Тэр ээжийгээ дэргэдээ авчирч, өөд болоход нь төрөлх нутаг Хөвсгөл аймагт бус Сүхбаатарт нутаглуулж. Хожим өөрөө нас өндөр гарч, биеэ чилээрхэхийг мэдсэн Ж.Дамба зээ хүүдээ, миний хүү эмээгээ ижийгийн минь дэргэд нутаглуулаарай, эмээ нь газрыг нь бэлдчихсэн байгаа гэж захиж.


 

Тэр жаахан хүү бол С.Молом Ж.Дамба нарын бага охин Алтанцэцэгийн хүү Ган-Очир байлаа. Багаасаа эмээгийнхээ гар дээр өссөн хүү ёстой л чадлынхаа хэрээр эмээгээ асарч, хамгийн сүүлд эмээгийнхээ хөлийг хучжээ. Эмээгээ 86 насандаа өөд болоход нь арван жилийн жаахан сурагч байсан ч томчуудыг даган явж, өөрөө эмээгийнхээ газрыг зааж өгчээ. Газар дээр нь яваад очиход нээрээ л өндөр эмээгийнх нь өлмий дор эртнээс бэлдсэн мэт тэмдэгтэй газар байсан гэлээ. Учир, өөрийг нь алгаа дэлгэн тосон авч, хайр ивээлээ харамгүй өгсөн нутгийнхаа хөрсөнд шингэхийг хүссэн аж.


 

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан жил бүр болдог эрдэм шинжилгээний хурлыг энэ удаад Сүхбаатар аймгийн анхны сувилагч Ж.Дамба агсны нэрэмжит болгон аймгийн Эрүүл мэндийн газар, Баруун-Урт сумын ИТХ, Эхийн элбэрэл Дамба сан, АШУИС хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд онол практикийн илтгэлийн уралдааныг эрүүл мэндийн салбарынхны дунд зарласан бөгөөд цаашид уламжлал болгон явуулахаар болжээ.   

 

Холбоотой мэдээ