Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-08 14:59:05

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар боллоо.


Энэ нь Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээхээр эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилготой. Хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулж хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг хянахтай холбоотой харилцааг зохицуулна. 


Тодруулбал, тус хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай харшлах зүйлгүй бөгөөд хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, санхүүжилтийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэх юм. 

Орон сууцны тооллогын 2022 оны дүнг харахад манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279639 өрх инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359671 нь гэр сууцанд амьдарч байна.

Нийслэлийн 216989 өрх буюу 50.1 хувь нь гэр хороололд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин, гэр сууцанд амьдарч байгаа нь агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлдэг. Иймд дээрх хуулийг баталснаар нийслэлийн иргэд эрүүл орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллах, сурч боловсрох нөхцөл бүрдэхээс гадна өрхийн орлого, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ