БАЯНХОНГОР: Сурагчид Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-08 13:41:24
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгох зорилгоор аймгийн Нутгийн удирдлагын ордонтой танилцах аяллыг зохион байгуулж буй. Тэгвэл энэ үйл ажиллагаанд зарим сум нэгдэн, Галуут сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүрэг хариуцлага, нутгийн захиргааны байгууллагын үүрэг чиглэл, иргэд төрийн бодлого үйл ажиллагаанд хэрхэн оролцох, хяналт тавих, ИТХ-ын Төлөөлөгчид ямар үүрэгтэй байдаг талаар мэдлэгтэй боллоо.

Сурагчдад Баянхонгор аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Норов дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сурагчдын сонирхсон асуултуудад хариулт өгч, аймгийн ИТХ-ын ажлын албаны үйл ажиллагаа ЗДТГ, ХУРДАН төрийн үйлчилгээний цэг, Хууль тогтоомж сурталчлах төвтэй танилцуулсан байна.

Сурагчид дунд цаашид хууль эрх зүйн чиглэлээр суралцаж, төрийн албанд ажиллах сонирхолтой хүүхэд цөөнгүй байсан бөгөөд ажил мэргэжлийн чиг баримжаа авч, өөрийн сонгон эзэмших мэргэжлийн талаар ЗДТГ-ын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, ажлын байрыг үзэж сонирхон, үйл ажиллагаатай нь танилцаж, анхан шатны ойлголт мэдээлэлтэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байв.

Аймгийн ИТХ-аас санаачилсан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгох зорилготой Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг танилцуулах тус аялал үе шаттайгаар үргэлжлэх юм байна.
Холбоотой мэдээ