ХОВД: Бүх сургууль хөл бөмбөгийн багтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-06 14:17:22

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөл бөмбөгийн D зэрэглэлийн дасгалжуулагч бэлтгэх сургалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ.   

Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын хөл бөмбөгийн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.


Санамж бичгийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиуд дунд хөл бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, биеийн тамирын багш, арга зүйчийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор хөл бөмбөгийн D зэрэглэлийн дасгалжуулагч бэлтгэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Сургалт өрнөж буй 11 дэх аймаг нь Ховд юм.

Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн биеийн тамирын багш нар оролцлоо. Тэд бага насны хүүхэд, өсвөр үе болон анхан шатны тамирчдад хөл бөмбөг заах, бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулах, дасгалжуулах үндсэн техникийн талаар шинэ мэдлэгтэй болох юм. Мөн D зэрэглэлийн хүчин төгөлдөр эрх бүхий дасгалжуулагч болж, хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулах тэмцээнд багаа удирдан оролцох боломжтой болно.   


Судалгаанаас үзэхэд, Ховд аймагт хөл бөмбөгийн спортоор хичээллэгсэд, сонирхогч, дэмжигч гээд 500 гаруй хүүхэд, залуус байна. 


Тус аймагт одоогоор нэг холбоо, нэг клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид бүх сургууль хөл бөмбөгийн багтай болох зорилт дэвшүүлжээ.


Мөн хөл бөмбөгийн холбооноос 2024 онд 10 гаруй тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байна.  

Дээрх сургалтын үйл ажиллагаа гурван өдөр үргэлжилнэ. Мэргэжлийн дасгалжуулагчийг ийнхүү бэлтгэснээр хөдөө орон нутагт хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боломж өргөжнө. Энэ төрлийн спортыг сонирхон хичээллэдэг хүүхэд, залуусын тоо нэмэгдэх юм. Мөн сургуулийн орчинд хөл бөмбөгийн спортод ээлтэй байдал бүрдэх аж.    

Холбоотой мэдээ