ӨВӨРХАНГАЙ: Аймгийн ууган хэвлэл “Хөдөлмөрийн төлөө” сонины 80 жилийн ойг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-05-03 15:51:39

Арвайхээр, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан аймгийн ууган хэвлэл “Хөдөлмөрийн төлөө” сонины 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна.


Тус сониныг 1944 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр МАХН-ын Төв хорооны шийдвэрээр үүсгэн байгуулжээ. Тухайн үед аймгийн Эмнэлгийн даргаар таван жил ажилласан Ж.Гүндийг сонины анхны эрхлэгчээр томилсон бөгөөд тэрбээр дурсамждаа “Аймаг сонинтой болно гэж намайг Төв аймагт дадлага хийлгэхээр явуулсан. Аймгуудаас очсон бидний тав, зургаан хүн 45 хоног хичээл заалгаад ирэхэд аймгийн Намын хорооноос жолооч Д.Сэмжааныг хэвлэгчээр, бичээч Дагва гэх хүнийг үсэг өрөгчөөр, зааварлагч Батсуурийг эрхлэгчийн туслах бөгөөд хянагчаар томилж, бид дөрвүүлээ сонин гаргаж эхлэв” хэмээн бичсэн байна.








Түүхэн ойд зориулж өнөөгийн эрхлэгч На.Пүрэв “Хөдөлмөрийн төлөө” сонины 4724 дэх дугаарыг хэвлүүлэн уншигчдын гарт хүргэсэн юм. Түүнчлэн сонины редакцид ажиллаж байсан үе үеийн сэтгүүлчид, ажилтнууд хүрэлцэн ирж, сонины үүсэл хөгжил, үйл амьдралын талаар дурсамжаа хуваалцлаа.


1987 онд сонины эрхлэгчээр ажиллаж байсан ахмад сэтгүүлч С.Мөнхдалай энэ үеэр хэлэхдээ, “Сонины эрхлэгч хүн өөрийнхөө үзэл бодол, зоргоор нэр хүнд олох гэж сүржигнэхдээ биш, хэзээд төв голчийн байр сууринаас нийтлэлийн бодлогоо явуулах учиртай гэсэн зарчмыг баримталж, нэг үгээр хэлбэл өөрөөсөө “урваж ажилласан” хэмээв.




Хэвлэлийн эрх чөлөө, ууган сонины түүхт ойд зориулсан баярын хуралд аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат нар хүрэлцэн ирж, аймаг орон нутгийн бодлого шийдвэр, үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэхэд идэвх чармайлттай ажилладаг хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлээд, мэдээллийн эрх чөлөө, ил тод байдлыг хангахад дэмжиж ажиллана гэсэн юм.




Тэмдэглэлт энэ өдрөөр ахмад сэтгүүлч С.Мөнхдалайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит “Төрийн шилдэг түшээ” тэмдгийг гардуулан хүндэтгэл илэрхийлсэн бол “Ноён-Уул” фм радиогийн сэтгүүлч А.Отгончимэг, “Хас” телевизийн захирал Т.Чимэддорж нар Хөдөлмөрийн хүндэт медалиар 20 гаруй жилийн хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

Сонин нь улс орны түүх, хөгжлийн гэрч, архив, эх сурвалж болж үлддэгийн адилаар “Хөдөлмөрийн төлөө” сонин 80 жилийн шарласан хуудсандаа Өвөрхангай аймгийн түүхэн он жилүүдийг мөнхлөн үлдээж, эмхлэн баринтагласаар иржээ. 















Холбоотой мэдээ