Т.Навчаа: Энгийн зөвлөгөөг хэрэгжүүлснээр томуугаас сэргийлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2023-12-19 15:15:20

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өвийн хүйтэнд томуу, томуу төст өвчин дэгддэг ч урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүний тулд 6 сартайгаас 5 нас хүртэлх хүүхдийг намар вакцинд хамруулах нь энэ өвчнөөр өвдөхгүй, өвдлөө ч хүндрэхгүйг ZINT эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа онцлов.


Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ид шид үгүй, эмч, эмнэлгийн байгууллагын энгийн зөвлөгөөг дагахад урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэхдээ амны хаалт тогтмол хэрэглэх, гараа байнга угаах, хүн хоорондын зай барих, дулаан хувцаслах хэрэгтэй. Мөн сургууль, цэцэрлэг, олон нийтийн газар ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, наад зах нь хаалганы бариул, сандал ширээг ариутгалын уусмалаар цэвэрлэж байхыг зөвлөж байна. Түүнчлэн, адууны махтай хоол, аарц, байгалийн зэрлэг жимс, сонгино саримс хүнсэндээ хэрэглэх нь томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхэд тусгай аж. 


Томуугаар өвдсөн 0-2 насныхан хүндрэх магадлал их. Шинж тэмдгүүд нь ойр ойрхон өндөр халуурах, толгой, яс, ууц нуруу, хоолой өвдөж, хоолны дуршил багасан, шингэний дутагдлын шинж илэрч, хамар битүүрч ханиалгадаг байна.


"Бага насны хүүхэд суулгах, хэрэв 3 сар хүрээгүй бол 37.5 ба түүнээс өндөр, 3-аас дээш насны хүүхэд 38.5, түүнээс өндөр халуурах, амьсгаадах, хуруу хумс нь хөхрөх шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Харин дээрх үзүүлэлтээс доош халуурвал 3 хоног гэртээ харзнахад аажим сайжирч эхэлнэ. Халуурах бүр хүүхдийн биеийн байдал хүнд гэсэн үг биш. Өвдсөний дараа 1-2 долоо хоноод биеийн байдал сайжирсан ч ханиалга нь 1-4 долоо хоног үргэлжилж болох ч аюулгүй. Ийм үед нь эдгэхгүй байна гээд, олон хүн цугласан эмнэлэгт ойр ойрхон очсоноороо агаар дуслын замаар янз бүрийн халдвар авах магадлалтай"-г эмч Т.Навчаа анхаарууллаа.


 

 

Холбоотой мэдээ