Улсын хэмжээнд 8610 хүн хэвтэн эмчлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-12 12:58:38

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар 12 /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 


Томуугийн халдвар идэвхжиж байгаа тул өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт 1255, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, УХТЭ, ТТАХНЭ, ХӨСҮТ, ЦТЭ 2126 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин улсын хэмжээнд 8610 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. 


НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган Дүүргийн хүүхдийн эрүүл мэндийн салбарууд ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 12:00-18:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20:00, ням гарагт 10:15 цаг хүртэл ажиллаж байна. Өвчлөл нэмэгдэж байгаа тул иргэд хүүхдээ эмнэлгийн хүлээн авахаар үйлчлүүлэх, утсаар 103 дугаарт дуудлага өгөхөөс илүүтэйгээр өрхийн эрүүл мэндийн төвд хандаж ерөнхий ангилалт хийлгэхийг уриалж байна” гэв.


Тэгвэл ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна. Идэвхжилийн таван түвшин байдгаас одоо шар түвшинд байна. Томуугийн идэвхжил аравдугаар сарын эхэнд эхэлсэн. 48 дугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгчдийн 5.6 хувь нь томуугийн өвчний шалтгаантай. 8618 хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна.  Хэдийгээр улсын хэмжээнд томуугийн идэвхжил шар түвшинд байгаа ч дөрвөн аймагт дараагийн түвшин буюу улбар шар түвшинд шилжлээ. Тодруулбал, Дархан-Уул, Булган, Сүхбаатар, Хэнтий аймаг. Долоо хоногийн вирус судлалын тандалтаар амьсгалын замын синдицал вирус, мета, адино вирус хамгийн их тархалттай байна. Түүнчлэн ковид-19 вирус байсаар байна. Томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалт хүн амын дунд багагүй дэлгэрсэн. Томуугийн А хүрээний H3 вирус мөн тодорхойлогдсон” хэмээн ярилаа.


Харин ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа Нярай өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтаарах шинж тэмдэг илэрвэл цаг алдахгүй эмнэлгийн байгууллагад хандах ёстой. Хүүхдэд нь ханиадны шинж тэмдэг илэрвэл бусад хүүхдийг эрсдэлд оруулахгүйн тулд сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байхыг зөвлөж байнагэлээ.


Энэ жилийн томуугийн дэгдэлт харьцангуй хожим эхэлсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амбулаторийн үзлэг 3.9 хувиар бага байна гэдгийг албаныхан хэлэв. Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эмнэлэгт ханиад хүрч, халуурсан оноштой хүүхдүүд олноор хандаж байгаа тул ЭМЯ-наас долоо хоног бүр томуу, томуу төст өвчний талаар болон урьдчилан сэргийлэх зөвлөгөө хүргэх ажээ. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 20-40 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн нь зөвлөгөө мэдээлэл авч гэрээрээ эмчлүүлж байна.  




Холбоотой мэдээ