ДЭМБ-ын тэргүүн Сирийн Алеппо хотод хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-02-12 10:47:20

АЛЕППО. /AFP/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сирийн Алеппо хотод хүрэлцэн ирсэн талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллээ. 


Т.Гебрейесус Сирийн Эрүүл мэндийн сайд, Алеппо хотын захирагч нартай эмнэлэг, хорогдох байрнуудын нөхцөл байдалтай танилцахаар Алеппо хотод ирээд байна гэж “SANA” агентлаг мэдээлжээ. 


Турк, Сирид 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс таван хоногийн дараа энэ айлчлал болж байна. Байгалийн гамшгийн улмаас 24 мянга гаруй хүн амиа алдаад байгаагаас Сирид 3553 хүн амь эрсэдсэн байна. 


Айлчлалынхаа өмнө Т.Гебрейесус мэдэгдэхдээ, Сирид 37 метр тонн орчим яаралтай тусламжийн эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлэхээр болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, энэ нь бидний илгээж буй анхны тусламж юм хэмээн хэлжээ. 


Тэрбээр ДЭМБ эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх бөгөөд маргааш дахин 30 гаруй метр тонн тусламж илгээнэ гэв. Мөн газар хөдлөлтийн дараах үр дагаварт, ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдсанд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


“Байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдээд байгаа энэ үед зөвхөн яаралтай тусламж үзүүлээд зогсохгүй газар хөдлөлтийн уршгийг арилгахад бид хамтран ажиллана” гэж тэрбээр мэдэгджээ. Даваа гаргийн газар хөдлөлтөөс хойш аврагчид, сайн дурынхан эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна. 


Холбоотой мэдээ